Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ

ЗОРИЛГО, ЗОРИЛТ:

Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний зорилго, зорилт нь дараахи зүйлд чиглэгддэг.

  1. Төслийг хэрэгжүүлэх явцад байгаль орчин, нийгэм, оршин суугчдын эрүүл мэндэд учруулж болзошгүй сөрөг нөлөөллийг тодорхойлох, үнэлэх;
  2. Төслийн үйл ажиллагаанаас гарах сөрөг үр дагавар, түүнээс урьдчилан сэргийлэх, зайлсхийх, бууруулах, арилгах арга хэмжээг тогтоох;
  3. Хүний үйл ажиллагааны улмаас байгаль орчны тэнцвэрт байдал алдагдахаас сэргийлэх;
  4. Байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатайгаар байгалийн нөөц ашиглалт явуулах;
  5. Бүс нутаг, салбарын хэмжээнд баримтлах бодлого, хэрэгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлэх;
  6. Төслийг хэрэгжүүлэх эсэх талаар дүгнэлт, шийдвэр гаргах, оролцогч талуудын харилцааг зохицуулахад оршино.

ОРОЛЦОГЧ ТАЛУУД:

Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ нь төслийг хэрэгжүүлэх эсэх талаар шийдвэр гаргах бөгөөд оролцогч талуудыг бодитой мэдээллээр хангах үндсэн бичиг баримт болдог. Үүнд:

  1. Төрийн захиргааны төв байгууллага /БОАЖЯ/
  2. Төслийг санхүүжүүлэгч байгууллага /Банк/
  3. Орон нутгийн захиргаа /төсөл хэрэгжих газар/
  4. Төслийн нөлөөлөлд өртөгч /нутгийн оршин суугчид/
  5. Төсөл хэрэгжүүлэгч /ААНБ/
  6. Мэргэжлийн байгууллага /Тусгай зөвшөөрөл бүхий/
  7. Сонирхогч тал /ТББ, бусад/  

 

Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний үр дүнг харгалзан гаргах аливаа төрийн болон орон нутгийн захиргааны байгууллага, банк санхүүгийн болон холбогдох бусад байгууллагын шийдвэр нь ил тод, нээлттэй, хариуцлагатай байж, олон талын оролцоог хангасан, талуудын хууль ёсны эрх ашгийг хангасан байх ёстой.

ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЕ ШАТ:

Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг дараахи үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Үүнд:

  1. Төсөл хэрэгжүүлэгч нь төсөл хэрэгжиж эхлэхээс өмнө Байгаль орчны төлөв байдлын үнэлгээг эрх бүхий мэргэжлийн байгууллагаар хийлгэнэ.
  2. Байгаль орчны төлөв байдлын үнэлгээг үндэслэн БОАЖЯ болон аймаг, нийслэлийн Байгаль орчны алба ажлын 14 хоногт багтаан Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний дүгнэлт гаргана.
  3. Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний дүгнэлтээр хэрэгжүүлэхээс татгалзах, эсвэл буцаах, тодорхой нөхцөл, болзолтойгоор хэрэгжүүлэх, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийлгэх гэсэн 3 дүгнэлтийг гаргадаг.
  4. Нарийвчилсан үнэлгээ хийлгэх шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан тохиолдолд эрх бүхий мэргэжлийн байгууллагатай гэрээ байгуулан ажиллах бөгөөд мэргэжлийн байгууллага нь Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулж БОАЖЯ-нд хүргүүлнэ. 
  5. Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг хүлээн авсан шинжээч ажлын 18 өдөрт багтаан үнэлгээний шинжилгээ хийж дүгнэлт гаргана.
  6. БОАЖЯ-ны Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний мэргэжлийн зөвлөл нь нарийвчилсан үнэлгээний тайлан, түүнд үнэлгээний шинжилгээ хийсэн шинжээчийн болон мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн төслийг хэрэгжүүлэх эсэх талаар эцсийн шийдвэрийг гаргана.    

НИЙТЭЛСЭН: 2018-02-25 22:45:23