Байгаль орчин, нийгэм-эдийн засгийн нөлөөллийн үнэлгээ

ЗОРИЛГО, ЗОРИЛТ:

Байгаль орчны нөлөөллийн үнэлгээг боловсруулахдаа нийгэм-эдийн засгийн нөлөөллийн асуудлыг ажлын удирдамжид зайлшгүй авч үзэн нийгэм-эдийн засагт үзүүлэх нөлөөллийг тодорхойлох, төслийн үр дүнд үүсэх нийгэм-эдийн засгийн сөрөг нөлөөллийг үнэлэх, нийгэм-эдийн засагт сөрөг нөлөөлөл багатай хувилбарыг тодорхойлох асуудлыг тусган боловсруулдаг бөгөөд нийгэм-эдийн засгийн нөлөөллийг тодорхойлоход олон улсад мөрддөг нийтлэг шаардлага, банк, санхүүгийн байгууллагаас тавьдаг шалгууруудыг хангах зарчмыг баримтладаг. Байгаль орчин, нийгэм-эдийн засгийн нөлөөллийн үнэлгээг бодитой тогтоосноор төслийн сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, төсөл хэрэгжүүлэгч цаашдын үйл ажиллагаандаа оновчтой сонголт хийх боломжийг бүрдүүлдэг.

ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЕ ШАТ:

Нийгэм-эдийн засагт үзүүлэх нөлөөллийн үнэлгээг боловсруулахдаа дараахи асуудлуудыг тусгадаг. Үүнд:

  1. Тухайн төслийг хэрэгжүүлснээр бүс нутгийн зам тээвэр, харилцаа холбоо, эрчим хүч болон ус хангамж зэрэг дэд бүтцийн салбарт гарч буй өөрчлөлтүүд, тэдгээрээс үүдэлтэй нөлөөллийг тодорхойлох;
  2. Тухайн төслийг хэрэгжүүлснээр бүс нутагт нэмэгдэх ажлын байр, хүн ам зүйн бүтэц, соёл, боловсролын түвшинд орж болох өөрчлөлт, орон нутгийн оршин суугчдын төслөөс хүлээх ашиг, сонирхлийг илрүүлэн тодорхойлох;
  3. Тухайн төслийг хэрэгжүүлснээр газрыг эдийн засгийн эргэлтээр ашиглаж ирсэн нөхцөл байдалд ямар өөрчлөлт орж, улмаар тэр нь нутгийн оршин суугчдын ахуй амьжиргаанд хэрхэн нөлөөлөхийг тогтоох зэрэг орно.

 

Төсөл хэрэгжүүлэхээс өмнө нийгэм-эдийн засгийн нөлөөллийг үнэлэн хэрэгжүүлэх эсэх талаар шийдвэр гаргадаг. Үүнд:

  1. Төсөл хэрэгжүүлэхээс үүдэн газар, талбайг чөлөөлөх шаардлагатай эсэх
  2. Төслийн барилга байгууламжийг хожим иргэний зорилгоор ашиглах боломжтой эсэх,
  3. Төслийн хэрэгжилт нь төвлөрөл суурьшлыг үүсгэх эсэх,
  4. Төслийг даган бий болж болзошгүй сөрөг нөлөөллийг бууруулах боломжтой эсэх

 

Төслийн нийгэм-эдийн засгийн нөлөөллийн үнэлгээг Монгол улсын хууль тогтоомж болон олон улсын нийтлэг аргуудыг ашиглан үнэлэнэ. Үүнд:

  1. Байгаль орчин, нийгэм-эдийн засгийн төлөв байдалд тоон ба чанарын шинжилгээ хийх;
  2. Орон нутгийн санал хүсэлтэд үндэслэсэн судалгааны өгөгдлийг боловсруулах
  3. Иргэд олон нийт, орон нутгийн удирдлагын саналд дүн шинжилгээ хийх;
  4. Төслийн хэрэгжилтийн үр дүнд бий болох эдийн засаг, нийгмийн өөрчлөлтүүдийг судлах
  5. Төслийн үйл ажиллагаанаас үүсч болзошгүй сөрөг нөлөөллийн шалтгаан, үр дагаврыг үнэлэх;
  6. Төсөл хэрэгжсэн шинэ орчин нөхцөлд дасан зохицох хөтөлбөрийн шаардлагыг тодорхойлох, үнэлэх;
  7. Нийгэм-эдийн засгийн сөрөг нөлөөллийг бууруулах боломжит хувилбарыг дэвшүүлэх зэрэг орно.

НИЙТЭЛСЭН: 2018-02-25 23:01:45