Байгаль орчны менежментийн төлөвлөгөө

ЗОРИЛГО, ЗОРИЛГО:

Төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн байгаль орчныг хамгаалах, зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, стратегийн үнэлгээ болон байгаль орчны нөлөөллийн үнэлгээний зөвлөмжийн хэрэгжилтийг хангах, нөлөөллийн нарийвчилсан үнэлгээгээр тогтоосон сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах, урьдчилан сэргийлэх, төсөл хэрэгжих орчинд бий болж болзошгүй сөрөг үр дагаврыг хянах, илрүүлэхэд оршино.

Байгаль орчны менежментийн төлөвлөгөө нь 2 үндсэн хэсгээс бүрдэнэ.  Үүнд:

  1. Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө
  2. Орчны хяналт-шинжилгээний хөтөлбөрөөс бүрдэнэ.

 

Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг эрх бүхий мэргэжлийн байгууллага Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний үе шатанд 5 жилээр төлөвлөн боловсруулна. Үүнд:

  1. Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө. Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний байгаль хамгаалах төлөвлөгөөнд байгалийн нөөц баялгийг ашиглах явцад байгаль орчныг доройтохоос урьдчилан сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах, үлдэгдэл нөлөөллийг дүйцүүлэн хамгаалах, нөхөн сэргээх, нүүлгэн шилжүүлэх, нөхөн олговор олгох, түүх соёлын өвийг хамгаалахтай холбогдсон арга хэмжээг тодорхойлон, шаардагдах хөрөнгө зардлыг тооцож, хариуцах этгээд, хэрэгжүүлэх хугацаа, баримтлах хууль, журам, аргачлал, стандартыг тодорхойлж тусгасан байна.
  2. Орчны хяналт-шинжилгээний хөтөлбөр. Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний орчны хяналт-шинжилгээний хөтөлбөрт байгаль орчны төлөв байдлын өөрчлөлт, сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, арилгах, бууруулах арга хэмжээ үр дүнтэй байгаа эсэх, сөрөг нөлөөллийн эрчим, цар хэмжээ нь зөвшөөрөгдөх хэмжээнд байгаа эсэхийг тогтоох ажиглалт, хэмжилт, дээжлэлт хийх байршил, давтамж, хариуцах этгээд, шинжилгээний арга, шаардагдах зардлыг тооцож тусгана.

 

Тухайн төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний судалгааны үр дүнг үндэслэн боловсруулсан байгаль орчны менежментийн төлөвлөгөө нь 5 жилээс дээшгүй хугацаатай байх бөгөөд түүнээс олон жил үргэлжлэх төслийн хувьд менежментийн төлөвлөгөөг 5 жил тутамд шинэчлэн боловсруулж батлуулна.

БОАЖЯ нь төсөл хэрэгжүүлэгчийн тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тайланг жил бүр хүлээн авч дараа оны төлөвлөгөө болон түүнийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө, зардлын хэмжээг батлан төсөл хэрэгжүүлэх зөвшөөрөл олгоно.

ТУХАЙН ЖИЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ:

Төсөл хэрэгжүүлэгч нь нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний хүрээнд боловсруулан батлагдсан байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тулгуурлан тухайн жилд хэрэгжүүлэх менежментийн төлөвлөгөөг боловсруулан БОАЖЯ-аар жил бүр батлуулах бөгөөд ажлын 21 хоногийн дотор багтаан шийдвэрлэнэ. Хэрэв өмнөх жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилт нь хангалтгүй бол дараа жилийн менежментийн төлөвлөгөөг батлахгүй байх үндэслэл болдог.

 

Байгаль орчны менежментийн төлөвлөгөө. Төслийн гол болон болзошгүй нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах арга хэмжээг бүрэн тусгахаас гадна дараах зүйлийг тусгана. Үүнд:

  1. Уул уурхайн төслийн хаалтын үед авч хэрэгжүүлэх гол арга хэмжээ, хамрах хүрээ;
  2. Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх хүний нөөц, байгаль орчны удирдлагын бүтэц, зохион байгуулалт;
  3. Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийн явц, үр дүнг холбогдох төрийн байгууллага, олон нийтэд тайлагнах төлөвлөгөө;   
  4. Нүүлгэн шилжүүлэх, нутгийн иргэдийн эрүүл мэнд, эрх ашиг, амьжиргаа, соёлын өвийг хамгаалах болон бусад төлөвлөлттэй хэрхэн уялдсан байдал.

 

Дүйцүүлэн хамгаалах арга хэмжээ. Байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд биологийн олон янз байдлыг дүйцүүлэн хамгаалах арга хэмжээг тусгах ба дүйцүүлэн хамгаалах арга хэмжээ нь дараах зарчмыг хангасан байна. Үүнд:

  1. Дүйцүүлэн хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэх газар нь тухайн нөлөөлөлд өртсөн газартай адил байгаль экологийн нөхцөлтэй байх; 
  2. Дүйцүүлэн хамгаалах арга хэмжээний зардлын тооцоо нь үнэн бодит судалгаа, мэдээлэлд үндэслэсэн байх;
  3. Дүйцүүлэн хамгаалах арга хэмжээ нь төсөл хэрэгжүүлэгчийн зүгээс хуулиар хүлээсэн нөлөөллийг бууруулах, арилгах, нөхөн сэргээх үүргээс зайлсхийх нөхцөл болохгүй байх;
  4. Дүйцүүлэн хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэх төлөвлөгөө, үр дүнг тайлагнах хэлбэр, хяналт тавих механизм зэргийг тодорхой тусгасан байх;

 

Орчны хяналт-шинжилгээний хөтөлбөр. Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний салшгүй бүрэлдэхүүн хэсэг болох орчны хяналт-шинжилгээний хөтөлбөрийг төслийн бүх үе шатанд хэрэгжүүлэх ба уг хөтөлбөрт дараах асуудлыг нарийвчлан тусгасан байна. Үүнд:

  1. Нөлөөлөлд өртөж болзошгүй байгаль орчин, хүний эрүүл мэнд, нийгмийн төлөв байдлын суурь мэдээлэл ба төсөл хэрэгжсэнээр түүнд гарч болзошгүй тоон ба чанарын өөрчлөлт;
  2. Нөлөөллийг багасгах, арилгах, нөхөн сэргээх, хоргүйжүүлэх, саармагжуулах арга хэмжээний үр дүнг хэмжих тоон ба чанарын үзүүлэлтүүд;
  3. Төсөл хэрэгжүүлэгчийн дагаж мөрдөх Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын гэрээ, Монгол Улсын хууль тогтоомж, стандарт болон хэм хэмжээний үзүүлэлтүүд;
  4. Хяналт-шинжилгээ хийх шаардлагатай байгаль орчны бүрэлдэхүүн хэсгүүд, сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах, нөхөн сэргээх арга хэмжээнүүд, нөлөөллийг хэмжих хэмжигдэхүүн;
  5. Сорьц авах, хэмжилт хийх, түүнд дүн шинжилгээ хийх арга, байршил, хугацаа, давтамж зэрэг болно. 

БАЙГАЛЬ ОРЧНЫ МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ БОЛОВСРУУЛАХ:

Тус байгууллага нь төсөл хэрэгжүүлэгчтэй хамтран тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулахдаа тайланд дараахи зүйлсийг нарийвчлан тусгаж мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэнэ. Үүнд:

  1. Нөлөөллийг бууруулах, арилгах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээ, /техник, технологийн нэмэлт арга хэмжээнүүд тухайлбал, шүүх, тунгаах, цэвэрлэх, саармагжуулах, төмөргүйжүүлэх, хоргүйжүүлэх, цэнгэгжүүлэх, дарж булах, шатаах, ялгаруулах, нэрэх, нэмэлт тоног төхөөрөмж байгуулах гэх мэт/;
  2. Удирдлага, зохион байгуулалт, дотоод дэг журмын талаар авах арга хэмжээ, сургалт, сурталчилгаа хийх, мэдээ, тайлан гаргах, мэдээлэх, мэдлэг чадвар олгохтой холбоотой ажлууд;
  3. “Байгаль орчны удирдлагын тогтолцоо-MNS ISO 14001:2015” стандартын шаардлагыг хангахтай холбогдсон ажлууд: /ажиллагсаддаа байгаль орчны талаар мэдлэг, мэдээлэл олгох, үүсч болох эрсдэлийг тооцож, болзошгүй аюул ослын үед авах хариу арга хэмжээнүүдэд дадлагажуулах гэх мэт/;
  4. Нөлөөллийг бууруулах, арилгах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээнд шаардагдах зардлууд /явцын нөхөн сэргээх арга хэмжээ, түүнд шаардагдах зардал, хатуу, шингэн хаягдлын нэр төрөл, хэмжээ, эх үүсвэр, цуглуулах, хадгалах, тээвэрлэх, боловсруулах, цэвэрлэх, дахин ашиглах, эргүүлэн ашиглах, зайлуулах, устгах, булшлах арга технологид шаардагдах зардал, аюултай хог хаягдлын талаар авах техник технологи, удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ, түүнд шаардагдах зардал, гал түймрээс сэргийлэх арга хэмжээ, түүнд шаардагдах зардал, болзошгүй аюул, ослоос сэргийлэх арга хэмжээ, түүнд шаардагдах зардал, химийн аюултай, хортой бодисоос сэргийлэх, түүнээс үүдэн гарсан осолд анхны тусламж үзүүлэхэд шаардагдах хөрөнгө зардал, ажиллагсдын эрүүл мэндийг хамгаалах, хөдөлмөр хамгааллын талаар авах арга хэмжээ, түүнд шаардагдах зардал/;
  5. Төсөл хэрэгжих орчны хүн амыг сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ, түүнд шаардагдах зардал, түүх, соёлын дурсгалт зүйлсийг хамгаалах арга хэмжээ, түүнд шаардагдах зардал;
  6. Төслийн хэрэгжилтийн явцад ус, хөрс, агаарт үүсэх бохирдол, байгаль орчны бүрэлдэхүүн хэсэг бүрт үүсч болзошгүй аливаа өөрчлөлтийг хянах шинжлэх арга, аргачлалууд /хяналт-шинжилгээ хийх хугацаа, сорьц болон хэмжилт хийх цэгийн байршил; шинжилгээний үр дүнг нэгтгэх, тайлагнах, хөтөлбөрийн хэрэгжилтийг хариуцах этгээд, хэрэгжилтийг хангах зардал/ зэрэг орно.

ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЕ ШАТ: 

Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг дараахи үе шаттайгаар боловсруулж тайлагнаж батлуулна. Үүнд:

  1. Төсөл хэрэгжүүлэгч нь тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг байгаль хамгаалах хууль тогтоомж, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний үр дүн, батлагдсан байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд үндэслэн ашиглалтын жил бүр шинэчлэн боловсруулна.
  2. Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний гүйцэтгэл, биелэлтийн тайланг тухайн оны 11 дүгээр сарын 01-ны өдрийн дотор төсөл хэрэгжиж буй аймаг, нийслэлийн байгаль орчны газарт хүргүүлж, төлөвлөгөөний хэрэгжилтийг газар дээр нь шалгуулж ажлын хэсгийн дүгнэлтийг 12 дугаар сарын 1-ны дотор гаргуулна.
  3. Ашигт малтмалын орд ашиглаж буй төсөл хэрэгжүүлэгч уул уурхайн олборлолтын улмаас эвдэрсэн газрын нөхөн сэргээлтийн тухайн оны жилийн мэдээ маягт БОХ-3-ын дагуу холбогдох мэдээллийг гаргаж, тухайн сум, дүүргийн Засаг даргын Тамгын газарт жил бүрийн 11 дүгээр сарын 25-ны дотор хүргүүлэх ба уг маягтыг байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заавал хавсаргана.
  4. Төсөл хэрэгжүүлэгч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тайлан, түүнд хийсэн ажлын хэсгийн дүгнэлтийг хавсарган дараа жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулан БОАЖЯ-нд 12 дугаар сарын 20-ны дотор ирүүлнэ. 
  5. Төсөл хэрэгжүүлэгч нь байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлан, байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд 2 жил тутамд хийлгэсэн байгаль орчны аудитын тайланг тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хамт БОАЖЯ-нд ирүүлнэ.
  6. БОАЖЯ тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тайланг хүлээн авч, түүнд дүгнэлтийг үндэслэн биелэлтийг хянаж, дараагийн жилд хэрэгжүүлэх байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянан, батална.

НИЙТЭЛСЭН: 2018-02-25 22:52:58