ЗОРИЛГО, ЗОРИЛТ:
Байгаль орчны стратегийн үнэлгээг тухайн асуудлыг хариуцсан салбарын яам нь санаачлан, БОАЖЯ-аас эрх авсан мэргэжлийн байгууллага, тухайн салбарын эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, бие даасан шинжээч, мэргэжилтнүүдийн багийн оролцоотойгоор боловсруулж тайлан гаргах бөгөөд тайланд улсын болон бүс нутаг, салбарын хэмжээнд баримтлах бодлого, хэрэгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулах явцад түүний хэрэгжилтээс байгаль орчин, нийгэм, хүний эрүүл мэндэд учирч болзошгүй эрсдэл, сөрөг нөлөөлөл, үр дагаврыг уур амьсгалын өөрчлөлтийн чиг хандлага, байгалийн гамшигт үзэгдэлтэй уялдуулан тодорхойлоход оршино.
ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЕ ШАТ:
Байгаль орчны стратегийн үнэлгээг дараахи үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Үүнд:
-
Стратегийн үнэлгээг улсын болон бүс нутаг, салбарын хэмжээнд баримтлах бодлого, хэрэгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулах явцад тухайн асуудлыг хариуцсан салбарын яам санаачлан хийлгэнэ.
-
Стратегийн үнэлгээ хийхийн өмнө бодлого, хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөөг санаачлан боловсруулж байгаа салбарын яам, стратегийн үнэлгээ хийх мэргэжлийн байгууллага хамтран ажлын удирдамжийн төслийг боловсруулж, БОАЖЯ-нд хүргүүлж ажлын 10 хоногт багтаан стратегийн үнэлгээний ажлын удирдамжийн төсөлд санал, чиглэл авна.
-
БОАЖЯ-аас өгсөн санал, чиглэлийг үндэслэн бодлого, хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөөг санаачлан боловсруулагч салбарын яам стратегийн үнэлгээний ажлын удирдамжийг батална.
-
Стратегийн үнэлгээг БОАЖЯ-аас эрх авсан мэргэжлийн байгууллага, тухайн салбарын эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, бие даасан шинжээч, мэргэжилтнүүдийн багийн оролцоотойгоор боловсруулж тайлан гаргана.
-
Төслийг хэрэгжүүлэгч салбарын яам болон БОАЖЯ нь стратегийн үнэлгээний дүгнэлтийн талаарх мэдээллийг нийтэд мэдээлж, өөрийн байгууллагын цахим хуудсанд байршуулж, ажлын 14 хоногийн хугацаанд олон нийтээс санал авна.
-
Олон нийтийн санал, стратегийн үнэлгээний тайлан, түүний үр дүнг бодлого, хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөөнд хэрхэн тусгасан тухай тайлан, дүгнэлтийн төслийг БОАЖЯ-нд ирүүлж Мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлж, дүгнэлт гаргуулна.
-
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд стратегийн үнэлгээний дүгнэлтийг тухайн бодлого, хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөөг хэлэлцэх Засгийн газрын хуралдаанд хамтатган танилцуулж, шийдвэр гаргуулна.