ЗОРИЛГО, ЗОРИЛТ:
Тодорхой бүс нутаг, сав газарт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас хэрэгжүүлж байгаа хэд хэдэн төслүүдийн хуримтлагдах нөлөөллийн үнэлгээг БОАЖЯ-ны захиалгаар, эрх бүхий мэргэжлийн байгууллагын оролцоотойгоор хийлгэх бөгөөд төслүүдээс хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлж байгаа хам болон давхардмал сөрөг нөлөөллийг тодорхойлж, түүнийг бууруулах, арилгах арга хэмжээг тогтооно.
ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЕ ШАТ:
-
Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээг БОАЖЯ-аас эрх авсан Мэргэжлийн байгууллагын оролцоотойгоор хийлгүүлнэ.
-
БОАЖСайд шаардлагатай тохиолдолд хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ хийхэд мэргэжлийн баг томилж болно.
-
Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ хийх ажлын даалгаврыг БОАЖСайд, Эрүүл мэндийн сайд хамтран батална.
-
Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ хийх мэргэжлийн байгууллага нь батлагдсан ажлын даалгаврын дагуу үнэлгээ хийж, дүгнэлт, зөвлөмж бүхий тайлан гаргана. Үүнд:
-
Бүс нутгийн байгаль орчны өнөөгийн төлөв байдлын тодорхойлолт;
-
Бүс нутгийн байгаль орчин, нийгэм, хүний эрүүл мэндэд үзүүлсэн болон үзүүлж байгаа гол сөрөг нөлөөллүүд, тэдгээрийн үр дагаврын тодорхойлолт;
-
Хуримтлагдах нөлөөллийн эрчим, цар хүрээ (цаг хугацаа, орон зай), тархалт;
-
Хуримтлагдах нөлөөллийн эх үүсвэрүүд, түүнийг хариуцах этгээд, тэдгээрийн нөлөөлөлд эзлэх хувь хэмжээ;
-
Сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах арга хэмжээ, зардлын тойм, тэдгээрийн хувилбарууд;
-
Хуримтлагдсан сөрөг нөлөөллөөс үүдэн бий болсон байгаль орчин, нийгэм, хүний эрүүл мэндийн хохирлын үнэлгээ;
-
Цаашид авах арга хэмжээний төлөвлөгөө, түүний хэрэгжилтэд хяналт тавих шалгуур үзүүлэлтүүд;
-
Нөлөөлөлд өртсөн бүс нутаг дахь олон нийтийн хэлэлцүүлгийн үр дүн;
-
Дүгнэлт, зөвлөмж.
-
Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээний тайланг үнэлгээ хийсэн мэргэжлийн байгууллага нь БОАЖЯ-нд хүргүүлнэ.
-
БОАЖЯ нь хуримтлагдах нөлөөллийн үнэлгээний тайлан, дүгнэлт (зөвлөмж)-ийг ажлын 14 хоногийн хугацаанд өөрийн байгууллагын цахим хуудсанд байршуулж, олон нийтийн саналыг авна.
-
Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээний тайланг Мэргэжлийн зөвлөл хэлэлцэн дүгнэлт гаргана.
-
Мэргэжлийн зөвлөл нь тухайн бүс нутагт цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тайлан, зөвлөмжийг БОАЖЯ-нд танилцуулна.