Монгол Улс ойн талбай дээрээс ялгарч буй хүлэмжийн хийн хэмжээгээ тайлагнасан анхны тайгын ой бүхий улс боллоо
Монгол Улс ойн талбай дээрээс ялгарч буй хүлэмжийн хийн хэмжээгээ тайлагнасан анхны тайгын ой бүхий улс боллоо

Байгаль орчин, Аялал жуулчлалын яам нь UN-REDD хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенц (НҮБУАӨСК)-д ойн хүлэмжийн хийн ялгарлын суурь түвшнийг хүргүүллээ. НҮБУАӨСК нь улс орнуудын уур амьсгалын өөрчлөлт, түүний үр дагаврын тайланг хүлээн авч нэгтгэх бүрэн эрхтэй олон улсын байгууллага юм. Тус тайлангийн нэг үзүүлэлт нь ойн хүлэмжийн хийн ялгарлын суурь түвшин бөгөөд энэхүү үзүүлэлтийг ойн хомсдол, доройтлоос үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарлын олон жилийн дундаж дээр үндэслэн тооцоолдог.

Тропикийн бүсэд хамрагдах олон орнууд дээр дурдсан суурь түвшнийг НҮБУАӨСК-д хүргүүлсэн бөгөөд Монгол Улс нь тайгын ой бүхий улсуудаас тус суурь түвшнийг илгээсэн анхны улс боллоо.

Судалгааны үр дүнгээс харахад ойн түймэр болон ойн хөнөөлт шавжийн олшрол, ойгоос мод бэлтгэх үйл ажиллагаанууд нь ойн сангийн нөөц буурч улмаар хээр болж хувирах хамгийн том шалтгаанууд юм. 2005-2015 оны хооронд дээрх сөрөг нөлөөллүүдийн улмаас нийт 1.4 сая га ойн талбай доройтож, улмаар Улсын ойн сангаас 53,000 га талбай хорогдсон байна.

Монгол Улсын анхны Ойн хүлэмжийн хийн суурь түвшнийг арван жилийн дундаж хүлэмжийн хийн ялгарал/шингээлтийн мэдээлэлд үндэслэн тооцоолсон бөгөөд жилд дунджаар 5.2 сая тонн нүүрсхүчлийн хий ялгарч байна хэмээн тогтоосон. Энэхүү суурь түвшнийг тодорхой хугацааны дараах ойн талбай дээрээс ялгарч/шингээгдэж буй хүлэмжийн хийн хэмжээтэй харьцуулж дараах зорилгуудаар ашиглах юм. Үүнд:

  • 2015 оны Парисын хэлэлцээрийн дагуу Монгол Улсын уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад оруулж буй үндэсний хувь нэмрийг үнэлэхэд;
  • ХАА, ой, газар ашиглалтын салбарын уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлого арга хэмжээний үр дүнг үнэлэхэд.

Ойн суурь түвшнийг Байгаль орчны яам ийнхүү хүргүүлсэн нь Монгол Улсын Засгийн газар болон UN-REDD хөтөлбөрийн амжилттай хамтын ажиллагаа, Монголын ойн болон газар ашиглалтын салбарын өргөн хүрээтэй идэвхтэй оролцоог харуулж байна. UN-REDD хөтөлбөр нь хүний сөрөг нөлөөллөөс үүдэлтэй ойн салбараас ялгарч буй хүлэмжийн хийг бууруулах бодлого арга хэмжээг боловсруулж, түүний үр дүнг хянах, ойн тогтвортой менежментийн үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр Үндэсний REDD+ стратегийг боловсруулахад Монгол Улсын Засгийн газрыг үргэлжлүүлэн дэмжиж болно.

Эх сурвалж: http://www.reddplus.mn

НИЙТЭЛСЭН: 2018-03-31 10:54:07