БАЙГАЛЬ ОРЧНЫ ТӨЛӨВ БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭ
БАЙГАЛЬ ОРЧНЫ ТӨЛӨВ БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭ

ЗОРИЛГО, ЗОРИЛТ:

Аливаа төслийн техник, эдийн засгийн төлөвлөлтийн бичиг баримт, зураг төсөл, улсын болон бүс нутаг, салбарын хэмжээнд хэрэгжүүлэх хөгжлийн бодлого, хөтөлбөр, төлөвлөгөөг боловруулах эхний шатанд тэдгээрийг хэрэгжүүлэх нутаг дэвсгэрийн байгаль орчны төлөв байдлыг судлан тогтоож цаашид төсөл, хөтөлбөр, төлөвлөгөө, бодлого боловсруулахад анхаарах байгалийн нөхцөл, орчны онцлогийг тодорхойлоход оршдог.  

 

ХАМРАХ ХҮРЭЭ, АЧ ХОЛБОГДОЛ:

Байгаль орчны төлөв байдлын үнэлгээг эрх бүхий мэргэжлийн байгууллага, тухайн чиглэлээр мэргэшсэн мэргэжилтэн, судлаачдын оролцоотойгоор, шинжлэх ухааны үндэслэлтэй, судалгааны аргазүйг ашиглан дараахи чиглэлээр судалгаа шинжилгээ хийж, тайлан боловсруулна. Үүнд: 

1.      Физик газарзүй, ландшафт;

2.      Геологийн тогтоц;

3.      Геоморфологи;

4.      Гидрогеологийн нөхцөл;

5.      Газар доорх усны нөөц, чанар, горим;

6.      Гадаргын усны нөөц, горим, чанар;

7.      Цаг уур, уур амьсгал;

8.      Агаарын чанар;

9.      Хөрсөн бүрхэвч;

10.  Ургамлан нөмрөг;

11.  Амьтны аймаг;

12.  Байгаль, түүх, соёлын дурсгалт газар;

13.  Тусгай хамгаалалттай газар нутаг;

14.  Газар зохион байгуулалт;

15.  Нийгэм, эдийн засаг;

16.  Болзошгүй нөлөөлөл зэрэг болно.

 

Байгаль орчны төлөв байдлын үнэлгээг төсөл хэрэгжүүлж эхлүүлэхээс өмнө тогтоосноор төслийн болон бодлогын арга хэмжээний төлөвлөлтийг байгаль орчин, нийгэм, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө багатайгаар төлөвлөх, хэрэгжүүлэх явцад гол болон болзошгүй сөрөг нөлөөллийн улмаас орчны хувьсал өөрчлөлт, бохирдол доройтлыг бодитойгоор тогтоох, шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авах, төслийн нөлөөлөлд өртөгсөд, сонирхогч талуудыг бодитой мэдээллээр хангахад чухал ач холбогдолтой.

 

ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЕ ШАТ:  

1.      Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ нь стратегийн болон хуримтлагдах нөлөөллий үнэлгээ, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг хэлэлцэх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлах, үнэлгээний үр дүнг харгалзан үзэх үндсэн бичиг баримт болдог.

2.      Байгаль орчны төлөв байдлын үнэлгээг төсөл хэрэгжүүлэгч нь эрх бүхий мэргэжлийн байгууллагатай гэрээ байгуулан хийлгэх бөгөөд шаардлагатай тохиолдолд БОАЖЯ-нд хандан чиглэл гаргуулж болно.

3.      Байгаль орчны төлөв байдлын үнэлгээг төслийн анхан шатны баримт бичгийг боловсруулах үе шатанд төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн хүрээнд хийнэ.

4.      БОАЖЯ, эсхүл аймаг, нийслэлийн Байгаль орчны алба нь Байгаль орчны төлөв байдлын үнэлгээний тайлан, үр дүнг үндэслэн байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний дүгнэлт гаргана.

Төсөл хэрэгжүүлэгч нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн хавсралтад заасан ангиллын дагуу БОАЖЯ эсхүл аймаг, нийслэлийн Байгаль орчны албанд хандан ерөнхий үнэлгээ хийлгэх хүсэлт гаргахдаа төлөв байдлын үнэлгээний тайланг заавал хавсаргана.

НИЙТЭЛСЭН: 2018-04-06 09:31:18